Монгол бичгийн кодчилол – 2018 хуралдаан

“Монгол бичгийн кодчилол-2018” олон улсын хурал 2018 оны 11 сарын 20 өдөр ШУТИС-ийн 1-р байрны Эрдмийн зөвлөлийн 203 тоот өрөөнд амжилттай болж өндөрлөлөө.

Тус хурлаар 30 жилийн өмнө эхэлсэн боловч өнөөг хүртэл бүрэн шийдэгдэхгүй байгаа Монгол бичгийн Юникодын кодчиллын асуудал болон шийдлүүдийг харьцуулан хэлэлцэж, Тунгаамал загварыг ойрын үед үндэсний стандартаар баталж хэрэгжүүлэх, цаашид олон улсын Юникод стандартад шинэчлэн засварлуулах хэрэгтэй хэмээн тогтлоо.

Хуралд Монгол улсын боловсролын болон академик байгууллагууд, их дээд сургуулиуд маш идэвхтэй оролцлоо.

Энэхүү хуралд Юникодын техникийн зөвлөлөөс онцгой анхаарал хандуулж, нэгдсэн нэг шийдэлд хүрэхийг уриалж, мэндчилгээ илгээсэн болно.

Хурлыг Дэндэвийн Бадарч удирдаж, Болорсофт ХХК ШУТИС-тай хамтран зохион байгуулав.

Хурлын урилга ба хөтөлбөр

Юникод консорциумаас ирүүлсэн мэндчилгээ

Илтгэл1 – Монгол бичгийн асуудлууд

Илтгэл2 – Эхний хэсэг – Судалгаа

Илтгэл2 – Хоёрдугаар хэсэг – Шийдэл

Илтгэл3 – Монгол бичгийн программ хангамжийн ирээдүй

Илтгэл4 – Монгол бичиг – Юу болоод байна?!

Загварын харьцуулалт – Загваруудын харьцуулалт

Хурлын дүгнэлт

Meeting summary (English)

Хуралд оролцсон нийт төлөөлөгчдөдөө талархал илэрхийлье!

Зөв бичихэд тань тусалъя (1-р хэсэг)

Хүн харсан, сонссон бүхнээсээ суралцаж байдаг. Цахим ертөнцөд алдаатай бичигдсэн үгсийг харсаар хүний нүдэнд дасал болж аль нь зөв болоход эргэлзэж эхэлдэг.  Бид алдаатай бичигдсэн 145,313  ялгаатай үгс, давхардсан тоогоор 7,484,487 үгс дээр дүн шинжилгээ хийсэн юм. Эдгээр үгсээс хамгийн их алдаж бичсэн үгс болон тэдгээрийн зөв хувилбарын тайлбарыг энэхүү блогоороо цувралаар хүргэх юм. Цувралын эхний дугаарт хамгийн олон алдаж бичсэн эхний 3 үгийг онцлон тус бүрийн тайлбарыг хүргэе.

Үг тус бүрийг тайлбарлавал:

1. БҮРТ (30048 удаа)
Зөв бичлэг: БҮРД
Үгийн бүтэц: бүр (нэр үндэс)+д (өгөх оршихын тийн ялгал)
Кирил үсгийн дүрмийн §44.4:  “Өгөх оршихын тийн ялгалын нөхцөл -т нөхцөлийг г ба өмнөө эгшигтэй с гийгүүлэгчээр төгссөн тогтворгүй -н гүй үгэнд залгана. Жишээлбэл: худагт, Нацагт, нутагт, хэлтэст гэх мэт.  -д нөхцөлийг дээрхээс бусад үсгээр төгссөн үгэнд бичнэ. Жишээлбэл: ахад, шилд, сард, хүн бүрд гэх мэт. ”
Буруу бичлэгийн тайлбар: Угтаа эгшгээр төгссөн “бүр” , хатуу дэвсгэр гийгүүлэгчээр төгссөн “гар” хоёул кирилээр “р” үсгээр төгсдөг учир гарт гэдэг  жишгээр бүрт гэж буруу бичих нь бий. Кирил үсэгт монгол бичгээр эгшиг, хатуу, зөөлөн дэвсгэр гийгүүлэгчээр төгсгөн бичдэг үгсийг хутган тэмдэглэсэн нь энэ мэт олон эндүүрлийн нэг шалтгаан болдог.

2. КОМПАНИЙ (20557 удаа)
Зөв бичлэг: КОМПАНИЙН
Үгийн бүтэц: компани (нэр үндэс) +ийн (харьяалахын тийн ялгал)
Кирил үсгийн дүрмийн §44.3: “Харьяалахын тийн ялгалын -ы, -ий нөхцөлийг тогтвортой ба тогтворгүй н үсгээр төгссөн үгэнд эгшиг зохицох ёсоор залгана.  Жишээлбэл: модны, түмний,  усны гэх мэт.” Тэгэхлээр, “компани” гэдэг “н”-ээр бус, “и”-эгшгээр төгссөн эр үгэнд дүрэм §10.3-ийн дагуу “-ийн” нөхцөлийг залгана.
Буруу бичлэгийн тайлбар: Ойрхон орсон хоёр “н” гийгүүлэгчийн төгсгөлийг дуудалгүй хэлдгээрээ бичсэн учир буруу.

3. АМЖИЛТАНД (18203 удаа)
Зөв бичлэг: АМЖИЛТАД
Үгийн бүтэц:  амж (үйл үндэс)  +лт (үйлээс нэр бүтээх дагавар)+д (өгөх оршихын тийн ялгал)
Кирил үсгийн дүрмийн §44.2: “Тогтворгүй н-тэй үгийг тийн ялгалаар хувилгахдаа н үсгийг гаргаж бичнэ. Энэхүү тогтворгүй н үсэг ихэвчлэн харьяалах, өгөх орших, гарах гурван тийн ялгалд нэгэн адил гарна. Жишээлбэл: модны, модонд, модноос, морины, моринд, мориноос, унины, унинд, унинаас гэх мэт. Гэтэл номны сан гэдэггүй учир номонд гэж бичихгүй номд, асуултны амжилтны гэдэггүй учир асуултад, амжилтад гэж бичнэ.”
Буруу бичлэгийн тайлбар:  Үйлээс нэр үг бүтээх “лт” дагаврын дараа үгийн үндсийн тогтворгүй “н” гарч ирэхгүй.  Ярианы хэллэгээрээ бичсэн учир буруу.