Шинэ цагийн хэл шинжлэл буюу Сосюрын (Saussure) онолоос

Фердинанд Сосюр нь хэлийг тайлбарлах онол хөгжүүлсэн бөгөөд түүгээрээ орчин цагийн хэл шинжлэлийн онолыг үндэслэгч гэж тооцогддог. Тэрээр 1857 онд Швейцарийн Женев хотод төрсөн бөгөөд Германы Лайпциг болон Берлиний их сургуульд эртний герман хэлээр суралцаж 1906 – 1911 Женевт хэл шинжлэлийн ерөнхий онолын лекц уншдаг байжээ. Урьд хэлийг түүх талаас нь хэрхэн хувьсаж өөрчлөгдөж ирсэн болоод гарал үүслийг нь голчлон судалдаг байсан бол түүний онол үүнийг язгуураар нь салгаж чадсан юм. Сосюрын онол 3 үндсэн ойлголтоос тогтоно. Хүний хэл яриа (langage) нь хамгийн дээд ерөнхий ухагдахуун бөгөөд хэлний систем (langue) ба авиа зүйг (parole) хамарна. Хэлний систем буюу langue нь хэсэг бүлэг хүмүүсийн харилцан тохиролцооноос үүссэн тул нийгмийн бүтээгдэхүүн буюу хэл (Монгол хэл, Герман хэл гэх мэт) бөгөөд тус хэлний хэрэглэгчийн тодорхой үйлдэл буюу parole-г агуулна. Хэлний систем нь тэмдэгтийн систем буюу Semiotik юм. Нэг тэмдэг нь материаллаг ба хийсвэр 2 талтай. Материаллаг тал нь байгальд оршин буй зүйл буюу физик объект бол хийсвэр тал нь төсөөлөл юм. Үүнийг хялбаршуулан тайлбарлавал:
М О Д (хэлний тэмдэгт) гэсэн 3 үсгийн дараалал нь дээрээ саглагар ногоон навчтай ойд ургадаг гозгор юмыг илэрхийлнэ. Тус холбоосонд гэхдээ логик байхгүй, тэмдэгт бол дурын. Хэрвээ М О Д ба ойд ургадаг гозгор зүйлийн хооронд логик холбоос байсан бол бүх хэлэнд (англи, герман, орос…) энэ зүйлийг М О Д гэж нэрлэх ёстой. Бид зүгээр л тус зүйлийг МОД гэж тохиръё гээд тодорхойлчихсон хэрэг. Тиймээс юм ба нэрийн хооронд холбоо байхгүй бөгөөд ямарваа шинж чанарыг илэрхийлэхгүй, зөвхөн ялгааг л тохирчихсон гэсэн үг юм. Ийнхүү ялгахын урьдач нөхцөл нь түүнийг ялгах үнэ цэнэ болох бөгөөд хэрэв ялгах үнэ цэнэгүй бол утгагүй тэмдэгт болно гэсэн ойлголтыг мөн оруулж өгсөн байдаг. Энэ нь түүний онолын маш чухал нэгэн суурь юм. Жишээлбэл бид газраас таван чулуу түүгээд хэдийгээр өнгө, хэлбэр дүрс, жин нь өөр байсан ч объект тус бүрээр нь нэрлэн дуудаж чадахгүй. Учир нь бид чулууг дотор нь ангилах шаардлага байгаагүй тул тэднийг нэг бүрчлэн нэрлээгүй байна. Хэрвээ хаа нэгтэй энгийн чулуугаар гоёл чимэглэл хийдэг ч юм уу, ямар нэгэн байдлаар маш идэвхтэй хэрэглэдэг байсан бол тэр хүмүүс тус бүрээр нь нэрлэх нь дамжиггүй юм. Тэгж ангилдаг хүмүүсийн хэлэнд олон тийм тэмдэгт буюу үг байх бөгөөд тэд бидэнд чулуу бүрийг тус тусад нь хамгийн том нь чулуудай, дунд зэргийнх нь чулуухай, хамгийн багыг нь чулуухан гэдэг гэж хэчнээн тайлбарлаад бид түүнийг хүлээж авч чадахгүй. Бидний хувьд чулуу бол чулуу. Том, дунд зэрэг ба жижиг чулуу.

Тухайн хэлээр буюу langue нийгмийн хэсэг бүлэг хүмүүсийн амьдралын хэв маяг, юуг ялгах шаардлагатай вэ гэдгээсээ хамаараад өөр өөр байж болно. Жишээлбэл Монголчууд нэг настай адууг унага, 2 настайг нь даага, 3 настайг нь шүдлэн, 4 настайг нь хязаалан, 5 настайг соёолон гэх мэтээр ялгаж нэрлэсэн байдаг ба европын ямар ч хэлэнд ингэж ялгах үгс байхгүй. Нэг настай морь, 2 настай морь, 3 настай морь л гэж ярина. Бид 2 настайг нь даага гэдэг юм эдгээр нь ялгаатай гэж хэчнээн тайлбарлаад европ хүмүүс хүлээж авахгүй. Учир нь тэнд ядаж 5 насаар нь ялгаж морь уралдуулж байсан уламжлал ч байхгүй тул ингэж ялгаж ангилах шаардлага гараагүй буюу үнэ цэнэгүй байсан тул тийм үгс үүсээгүй байна.