“Болор Дуран” нэр үүссэн түүх

Болорсофт компани бүтээгдэхүүн бүрдээ “Болор” угтвар залган нэрлэдэг нь байгууллагын заншил юм. Болор нь тунгалаг гэсэн утгатай үг бөгөөд Болорсофт болон Болорсофтын эргэн тойрон дох зүйлс үргэлж болор шиг тунгалаг ариун байг гэж ерөөн эл нэрийг сонгосон байдаг.
Энэ ч утгаараа та “Болор дуран” бүтээгдэхүүний тухай бүхий л мэдээллийг энэхүү цахим хуудаснаас нэвт авч байгаа гэдэгт итгэж байна.

Бид тус зөв бичих дүрмийн алдаа шалгах программынхаа хамгийн эхний 1.0 хувилбарыг компанийн үүсгэн байгуулагч С.Бадралын саналаар “Болор” гэж 2013 онд анхны нээлтээ хийж байхдаа нэрлэж байв. Гэвч тус нэрийн хажууд “кирил зөв бичих дүрмийн алдаа шалгах программ” гэсэн бүтээгдэхүүний үндсэн зорилгыг илтгэсэн тодорхойлолт үргэлж хамт бичигддэг байсан ба бид энэ нэршлээ хэт урт байна гэж үзэж манай компанийн хэл шинжлэлийн зөвлөх болсон Э.Мөнх-Учралд тус нэршлийг богиносгох талаар санал тавьсан байдаг.

Англи хэлэнд “spellchecker” гэж маш богинохон нэршил байдаг ч үүнийг бид эх хэлнээ буулгахад хэт урт байсан нь бүтээгдэхүүнийг сурталчлах, олон нийтэд таниулахад ихээхэн хүндрэлтэй байсан юм. Иймд бид нэрээ “Болор алдаа шалгагч” болгох талаар саналтай байсан боловч хэл шинжээч Э.Мөнх-Учрал “-гч” үйлийг эрхлэгч дагавраар бүтсэн үг  нь хүн болон амьд амьтан дээр хэрэглэгддэг үг хэмээн үзэж одоо хэн бүхний мэддэг болсон “алдаа шалгуур” хэмээх нэршлийг гаргаж ирсэн байдаг.
Ийнхүү бид дараагийн дэд хувилбараасаа буюу 1.1 хувилбараасаа эхлэн тус үгийг шууд нэршлийнхээ бүрэлдэхүүнд оруулж “Болор алдаа шалгуур” хэмээн нэрлэж эхэлсэн юм.

Нэгэнт англи хэлний “spellchecker” гэх үгний орчуулга болон “алдаа шалгуур” гэх ойлголтыг олон нийтэд таниулж чадсан учраас мөн бүтээгдэхүүнийхээ стратегийн бодлогод өөрчлөлт хийх үүднээс бид “Болор алдаа шалгуур” нэршлээ үндсэн нэрээр үлдээж, 2015 оны 2 сард Болорсофт компанийн фейсбүүк хуудас дахь нийт дагагчдын дунд зарласан шагналт тэмцээнээс шинэ хувилбартаа шинэ нэрийн сонгон шалгаруулалт хийн, Ц. Чинзоригийн “Болор дуран” болон Г. Мөнхтөрийн “Болор сэцэн” гэсэн нэрс хүчтэй өрсөлдөн, “Болор дуран” нэр шалгарсан байдаг.

Ийнхүү бидний одоогийн хэрэглээнд буй 2.0 хувилбар маань “Болор дуран” болсон юм. Харилцагчдынхаа дундаас шалгарсан нэрээр хөгжүүлэгдэн явж буй бүтээгдэхүүн маань дараа дараагийн хувилбар бүрдээ шинэ нэр өгөх бодлого баримталж ажиллах бөгөөд ирэх хувилбартаа магадгүй “Болор сэцэн“, магадгүй уншигч таны ч санал болгох өвөрмөц нэр байх боломжтой юм.

Сэтгэгдэл хэсэгт санал болгох нэрээ бичээд илгээж болох ба хэрэв таны өгсөн нэр бидэнд таалагдвал таныг Болорсофт ХХК дуртайяа урамшуулах болно.