Зөв бичихэд тань тусалъя (1-р хэсэг)

Хүн харсан, сонссон бүхнээсээ суралцаж байдаг. Цахим ертөнцөд алдаатай бичигдсэн үгсийг харсаар хүний нүдэнд дасал болж аль нь зөв болоход эргэлзэж эхэлдэг.  Бид алдаатай бичигдсэн 145,313  ялгаатай үгс, давхардсан тоогоор 7,484,487 үгс дээр дүн шинжилгээ хийсэн юм. Эдгээр үгсээс хамгийн их алдаж бичсэн үгс болон тэдгээрийн зөв хувилбарын тайлбарыг энэхүү блогоороо цувралаар хүргэх юм. Цувралын эхний дугаарт хамгийн олон алдаж бичсэн эхний 3 үгийг онцлон тус бүрийн тайлбарыг хүргэе.

Үг тус бүрийг тайлбарлавал:

1. БҮРТ (30048 удаа)
Зөв бичлэг: БҮРД
Үгийн бүтэц: бүр (нэр үндэс)+д (өгөх оршихын тийн ялгал)
Кирил үсгийн дүрмийн §44.4:  “Өгөх оршихын тийн ялгалын нөхцөл -т нөхцөлийг г ба өмнөө эгшигтэй с гийгүүлэгчээр төгссөн тогтворгүй -н гүй үгэнд залгана. Жишээлбэл: худагт, Нацагт, нутагт, хэлтэст гэх мэт.  -д нөхцөлийг дээрхээс бусад үсгээр төгссөн үгэнд бичнэ. Жишээлбэл: ахад, шилд, сард, хүн бүрд гэх мэт. ”
Буруу бичлэгийн тайлбар: Угтаа эгшгээр төгссөн “бүр” , хатуу дэвсгэр гийгүүлэгчээр төгссөн “гар” хоёул кирилээр “р” үсгээр төгсдөг учир гарт гэдэг  жишгээр бүрт гэж буруу бичих нь бий. Кирил үсэгт монгол бичгээр эгшиг, хатуу, зөөлөн дэвсгэр гийгүүлэгчээр төгсгөн бичдэг үгсийг хутган тэмдэглэсэн нь энэ мэт олон эндүүрлийн нэг шалтгаан болдог.

2. КОМПАНИЙ (20557 удаа)
Зөв бичлэг: КОМПАНИЙН
Үгийн бүтэц: компани (нэр үндэс) +ийн (харьяалахын тийн ялгал)
Кирил үсгийн дүрмийн §44.3: “Харьяалахын тийн ялгалын -ы, -ий нөхцөлийг тогтвортой ба тогтворгүй н үсгээр төгссөн үгэнд эгшиг зохицох ёсоор залгана.  Жишээлбэл: модны, түмний,  усны гэх мэт.” Тэгэхлээр, “компани” гэдэг “н”-ээр бус, “и”-эгшгээр төгссөн эр үгэнд дүрэм §10.3-ийн дагуу “-ийн” нөхцөлийг залгана.
Буруу бичлэгийн тайлбар: Ойрхон орсон хоёр “н” гийгүүлэгчийн төгсгөлийг дуудалгүй хэлдгээрээ бичсэн учир буруу.

3. АМЖИЛТАНД (18203 удаа)
Зөв бичлэг: АМЖИЛТАД
Үгийн бүтэц:  амж (үйл үндэс)  +лт (үйлээс нэр бүтээх дагавар)+д (өгөх оршихын тийн ялгал)
Кирил үсгийн дүрмийн §44.2: “Тогтворгүй н-тэй үгийг тийн ялгалаар хувилгахдаа н үсгийг гаргаж бичнэ. Энэхүү тогтворгүй н үсэг ихэвчлэн харьяалах, өгөх орших, гарах гурван тийн ялгалд нэгэн адил гарна. Жишээлбэл: модны, модонд, модноос, морины, моринд, мориноос, унины, унинд, унинаас гэх мэт. Гэтэл номны сан гэдэггүй учир номонд гэж бичихгүй номд, асуултны амжилтны гэдэггүй учир асуултад, амжилтад гэж бичнэ.”
Буруу бичлэгийн тайлбар:  Үйлээс нэр үг бүтээх “лт” дагаврын дараа үгийн үндсийн тогтворгүй “н” гарч ирэхгүй.  Ярианы хэллэгээрээ бичсэн учир буруу.

 

1 thought on “Зөв бичихэд тань тусалъя (1-р хэсэг)”

  1. Энэ их сайн, хэрэгтэй блог байна шүү. Өшөө олон алдаатай бичдэг үгнүүдийг дүрмийн хувьд тайлбарласан мэдээлэл оруулж өгөөрэй. Маш олон үгэн дээр эргэлзээтэй бичигддэг зүйлүүд байдаг юм.

Болормаа-д хариулт үлдээх Хариулт болиулах